15.02.09_Шуурга

2 сар 15th, 2009

Амар мэнд үү?

Ингэж мэндэлсэн чинь их өвөрмөц санагдаж байна. Байнга САЙН (Байна ) УУ гэсээр байгаад өөр мэндчилгээний үг сонсохоор өвөрмөц санагддаг болжээ. Би БАЯРЛАЛАА гэдэг үгийг үргэлж хэрэглээд байдаггүй. Хэдэн жилийн өмнө, нас хорь гараагүй байхад, ТАЛАРХЛАА гэж хэлсэн чинь үнэхээр сайхан санагдаад энэ үгийг их хэрэглэдэг болсон. Одоо заримдаа хүмүүс энэ үгийг хэлэхийг минь сонсоод шоолж инээдэг юм, хэхэ. Миний нэг найз байдаг юм. Герман хүн. Зохиолч. Хүн үгийг мэдрэмжтэйгээ холбож урлаг үүсгэж байгааг түүнээс хараад сайхан санагддаг. Миний хувьд тиймэрхүү уран яруу хэллэгийн авъяас байхгүй. Арай өөр чиглэл, бодит чиглэлийг илэрхийлэх нь миний хувьд сонирхолтой бөгөөд амархан.

Блог минь одоо ер нь зогсонги байдалд оржээ. Яг үнэнийг хэлэхэд бичих хүсэл их байвч, бичмээргүй байх хүсэл түүнээс ч илүү байна хэхэ. Дээр нь хичээл ихтэй ямар ч зав зай үгүй өдөрүүд өнгөөрөөд дууслаа. Одоо гэрийн ажилаа бичиж, унших цаг үе бас ирлээ. Гэхдээ блогийнхоо бичлэгийн хүрээг удахгүй эрчимжүүлж тэлэх болно. Энэ тухай цаг нь ирэхээр бичье. Бүх зүйл өөрийн хугацаатай. Цаг нь ирэхээр аяндаа өөрөө болно.

Блог маань зураг л оруулдаг зурагийн самбар болон хувиржээ, хэхэ. Гэхдээ энэ нь тийм муу зүйл биш л дээ. Би өөрөө зураг их авдаг. Мэдээж өөртөө зориулж. Тэр авсан зүйлээсээ хааяа энд тавих нь ямар нэг зүйл бичсэнтэй дүйнэ. Заримдаа бичсэнээс ч илүү.

Өчигдөр энд үнэхээр өвөлийн улирал ямар байдаг вэ тийм байлаа. Цас ороод, өндөрлөг газараар шуураад. Шуургатай. Үнэнийг хэлэхэд миний дотор бас шуургатай байлаа, хэхэ. Гадаа шуурга, дотор шуурга. Нийлээд ШИРҮҮН ШУУРГА, хэхэ. Шуурганы учир шалтгаан энд тийм ч чухал асуудал биш л дээ. Өрөөндөө байж сууж чадахаа болиод аавынхаа зурагийн аппартыг үүрээд гэрээсээ гарлаа. Гэрийнхээ хажууханд байдаг жижигхэн довцог ууланд гарч, шуургын зураг авахаар шийдэв. Алхаж байх хооронд цас орохоо болиод үүлэн чөлөөгөөр нар зухайв, шуурга зогсов, цас дуусав.

Харин хойд зүгээс шуурга салхитай үүлтэй юутай хээтэйгээ дахин ирж байхыг хараад хүлээхээр шийдэв. Аажим аажим харанхуйлж, хүйтэрлээ. Цас бага багаар хаялж эхлэв. Удалгүй орчин тойрон бүрхэг болон, цасаар шуурч эхэллээ. Би ч баярлаад шуурганы өөдөөс зогсов. Аппартаа гаргаад зураг дарсаар байтал сүүлдээ гар хөдлөсөнгүй.

Уулын орой дээр би ганцаараа байгаагүй л дээ. Шуурганы өмнөх чимээгүй нам гүм байдалыг хараад хэд гурван хүмүүс бас зогсч байна. Мөн уулнаас чаргаар гулгаж байсан хүмүүс тэр хавиар зөндөө олоноор.

Миний доторх шуурга ч үгүй болж, гадаах шуурга ч зөөлөрч, том ширхэгтэй цас орж эхэлсэн.

Зураг дээр шуургыг харуулж чадахгүй нь харамсалтай.

За хөө, блогтоо дахин бичлэг оруулахгүй нилээн удах нь ээ.

Учир болвоос Монгол Улсын зүг хүлэгийн жолоог залж, эндэхийн өвөлийг ардаа орхиж, тэндэхийн хаварыг угтаж авахаар явах боллоо. Цагаан сар үнэхээр сайхан баяр. Сайхан баярыг л хүмүүс өөрсөдөө яршиг төвөгтэй, хүндрэл чирэгдэлтэй тэмдэглээд байдаг бололтой. Гэр бүл, ойр дотно хамаатан садан найз нөхөдийн хүрээнд цомхон тэмдэглэж болох мэт.

Бодоод байсан чинь 12 сарын шинэ жилийн бичлэгээс хойш дахин нэг шинэ жилийн мэнд хүргэх хэрэгтэй юм байна.

Гарах Үхэр жилдээ сайхан шинэлээрэй.

Миний хувьд өнгөрсөн жил адал явдалаар дүүрэн, сурч мэдсэн, үзэж харсан, ойлгож ухаарсан, наддаа чамлагдахааргүй хийж бүтээсэн жил байлаа.

Сайн сайханыг хүсье.


5 Comments to “15.02.09_Шуурга”


  1. xvv said:

    Арвин байна гээд хэлсэн чинь манай нэг эгч наадах чинь Хятад үг биз дээ гээд байсан :p
    Талархлаа гэхээр ч бас Өвөр Монголчууд л хэлдэг шиг хүмүүс хүлээж авдаг. Талархах, баярлах хоёр уг утгын хувьд бас уг нь өөр ч юм шиг?
    Талархаж байна тэр хүнд би таньд талархаж байна гэж хэлж байгаа. баярлаж байгаа нь би өөрийн баярлаж байгаа сэтгэлээ шууд хэлж байгаа болохоор илүү уг нь дотно утгатай ч юм шиг санагдаж байна
    Гялайлаа ;-)

    Зурагнууд мааш их таалагдлаа. Яг л миний дуртай өдөр, дуртай цаг уур :p xxx блогийн хувьд уг нь ойлгосон ухаарсан, мэдсэн сонссоноосоо хуваалцаж байвал чамаас суралцахыг хүсдэг…
    Удахгүй уулзъя ;;)


  2. khishge said:

    урьд нь тийм байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ өнөө үед хүмүүс өөрөө л мэдэхгүй бол тэр үгээ гадны гаралтай үг, ялангуяа хятад үг гэж боддог болсон нь харамсалтай. Эсвэл монгол хэлний ихэнх үг хятад гаралтай үг гэж бодох. Мэдээж олон мянган хятад үг монгол хэлэнд байгаа, тэр бол жирийн үзэгдэл. Олон мянган жил хөрш зэргэлдээ байсан улс оронууд харилцан үг үсэг нэр хаягаа солилцсон л байж таараа.
    Арвин гэдэг хаанах үг вэ үүсэл гаралыг мэдэхгүй. Гэхдээ л монгол үг гэж бодож байна. Арви хүн гэж харам зантай хүн гэдэг гэж уншлаа. Арвилах хамгаалах гээд л хэрэглэдэг дээ.
    Талархах гэдэг үгийн үүсэл гарал үүх түүхийг бас л мэдэхгүй. Гэхдээ АЧЫГ САНАЖ явна гэсэн утгыг давхар илэрхийлдэг гэж харлаа. Ачыг санаж, баярлаж явна. Талархал бол баярлахаас гадна, хойч ирээдүйг бодсон, хариуцлагыг илтгэсэн үг юм гэчихье хэхэ ;-)
    Гялайлаа гэж үг байдагийг би бүр мартжээ хэхэ. Сануулсанд талархалаа гялайлаа баярлалаа хэхэ. Гялалзах гялтагнах гялбаа гээд л баярласанаасаа болоод гэрэлтэж цацарлаа гэсэн утга юм уу даа :-)
    Блогныхоо хувьд бас хамаг юмаа юу хийсэн яасан ийсэнээ нийтэд дэлгэмээргүй байна л даа. Хэн юу уншиж байгааг мэдэхгүй шүү дээ. Дээр нь тэгээд өөрийгөө сурталчилах, өөрийнхөө талаар бичнэ гэж нээгээгүй болохоор, найз нь тууштай болохоор тэрүүгээрээ л үлднээ. Хэхэ надаас суралцах юм юу байхав дээ. Жоохон туйлшруулаад харвал Хүн өөрөө өөртөө л жинхэнэ багш, өөрөөсөө л жинхэнээс сурдаг гэж бодож байна.
    сонин сайханаа жич ярьж байя ^_^


  3. xvv said:

    Мэндээ амархан сайн байна уу :)
    Бас л буруу ойлгуулчихжээ. Чамайг өөрийнхөө тухай бич гээгүймaa. Зүгээр л блогоо үргэлжлүүлээд хуучин шигээ бичээрэй л гэсэн юм аа. Цуврал нийтлэлүүдийг чинь, ер нь нийтлэлүүдийг чинь уншаад өөрийн олж харж чадаагүй байсан өнцгүүдээс харсан зүйлсийг уншиж нэлээдгүй зүйл тархиндаа нааж авсан болохоор цаашдаа ч бас тэр өнцгөөс бас юмыг олж харахыг хүсдэг гэх юм уу даа. Магадгүй миний харахыг хүссэн мөртлөө харж чаддаггүй тэр өнцгөөс чи харсан байдаг болохоор.., урьд нь бодож үзээгүй байсан зүйлсийг бодуулдаг л даа зарим бичлэгүүд чинь. Нээх сурсан ч гэхэд бас хаашаа ч юм.. ямар ч л байсан унших дуртай ккк
    Big hug!!! :-D


  4. Админ said:

    Гишүүд админ хэсэгтээ нэвтрэхэд “Амар мэнд үү” гэж мэндэлж байвал зүгээр юм байна :)


  5. khishge said:

    тийм байна, зүгээр юмаа ингэж мэндэлвэл. урд нь лагшин тунгалаг уу гэхээр бага зэрэг хөндий сонсогддог байсан :-)

Leave a Reply

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг